Цагаа хэрхэн төлөвлөх вэ?

Та цаг хугацаагаар аялахыг хүсэж байна уу? өнгөрсөн рүү эсвэл ирээдүй рүү аялж цаг хугацааг эрхшээлдээ оруулахыг хүсдэг л биз дээ. Өнгөрсөнд гаргасан алдаа дутагдлаа засаж залруулж илүү гэгээлэг ирээдүйг бүтээх юмсан гэсэн хөнгөхөн мөрөөдөлдөө автаж суусан удаа танд байгаа л биз дээ. Харамсалтай нь бид цаг хугацаагаар чөлөөтэй аялж чадахгүй. Гэхдээ бид ирээдүй рүү аялж яваа аялагчид билээ. Та цаг хугацаагаар аялагч юм. Дэлхий өөрөө цаг хугацааны машин юм. Өнгөрснийг та өөрчилж чадахгүй ч өнгөрсөнд гаргасан алдаагаа ирээдүйд давтахгүй байж чадна.  

Тиймээс та өнгөрсөндөө харамсаж ирээдүйгээ сүйтгэхийн оронд цагийг төлөвлөж ирээдүйгээ бүтээцгээе. Та аялалд гарахад бэлэн үү.

Зорилгоо тодорхойл

Дэлхий ертөнцийг сансрын хөлөг гээд төсөөлөөд үзье. Та түүнийг жолоодож яваа хөлгийн ахмад. Хөлгийн ахмад болох та хаашаа очихоо мэдэхгүй бол юу болох бол. Зорилгогүй, мөрөөдөлгүй, ирээдүйгүй, утгагүй аялал болж хувирах болно. Тиймээс таны хамгийн эхний алхам бол зорилгоо тодорхойлох юм. Олимпын аварга, компанийн захирал, гадаадад суралцах зэрэг юу ч байж болно.

Цагаа зорилгодоо хүрэхэд ашигла

Гадаад суралцана гэсэн томоохон зорилт урдаа тавьчхаад зүгээр суугаад байгаа юм биш биз. Хэн нэгэн эсвэл ямар нэгэн юм мөрөөдлийг тань биелүүлчхэнэ гэж санаагүй биз. Та зорилгоо тодорхойлсон бол заавал үйлдэл хийх хэрэгтэй. Жишээ нь: ном сонин сэтгүүл унших,аялах гэж байгаа бол төсвөө гаргах зэргээр. Биелүүлэх чин эрмэлзэлтэй бол цаг алдалгүй үйлдэл хий

Зөв дадлыг хэрэгжүүл

Долоо хоногийн эхний өдөр, сарын эхний өдөр, жилийн эхний өдрийг хүлээлгүй яг одоо хийж эхэл. Тэгээд түүнийгээ дадал бол. Гадаад хэл дээр үг цээжилнэ гэсэн бол ганц өдөр хийгээд орхилгүй түүнийгээ өдөр тутмын амьдралын хэвшил болго. Тэгж чадвал та гарцаагүй амжилтад хүрэх болно

Та бол цагийн эзэн, цаг хугацааны аялагч юм