Хэрхэн өглөөний хүн болох вэ?

Өдгөө шөний шар шувуунаас үүрийн эртэч бялзуухай болохыг хүсэгчид их болжээ. Учир нь шөнө бидний бие организм байгалийн хуулиар амралтыг нэхдэг ба энэ үед амрахгүй байх нь өвчний эх үүсвэр болдог. Түүнээс гадна бидний оройн цагаар гаргаж байгаа ихэнх шийдвэр сэтгэл хөдлөлд автсан, логик бус байдгийг судлаачид баталсан байдаг байна. Тиймээс өнөөдөр эртэч шуваахай болохыг хүсэгчдэдээ зориулан эрт сэрэх аргыг хуваалцаж байна.
Унтах цагийн хуваарь гаргаарай
Та өглөө эрт босохыг хүсч байгаа эхлээд орой эрт унтах хэрэгтэй. Судлаачид өдөрт хүн 8 цагийн нойрыг авч байж биеийн энергээ нөхдөг гэдгийг баталсан байдаг. Гэхдээ яг үнэндээ 8 цаг гэдэг бол зүгээр л тоо юм. Та 8 цаг унтсан хэмжээний 7 цагийн чанартай нойрыг авч чадвал та заавал 8 цаг унтах албагүй гэсэн үг. Зарим үед та 9,10 цаг унтсан хэрнээ бие чинь хүнд оргидог уу? Харин зарим үед 5, 6хан цагийн нойртой хэрнээ сэргэлэн цовоо, амарсан мэдрэмж авдаг уу? Энэ чинь л миний яриад байгаа чанартай нойр шүү дээ. Чанартай нойрыг авахын тулд цагийн хувиарын дагуу унтаж сураарай.
Өглөө сэрээд хийх ажлаа орой нь төлөвлөөрэй
Хэрвээ танд өглөө сэрээд хийх ажил, зорилго байхгүй бол хэрхэн сэрэх хүсэл төрөх билээ. Тиймээс өглөө сэрээд дасгал хийнэ эсвэл маш амттай өглөөний цай уух зэргээр өөрийгөө сэдэлжүүлээрэй.
Өглөөг өөрийгөө хөгжүүлэхэд ашигла
Өглөөний цаг бол өөрийгөө хөгжүүлэх цаг юм. ном унших юмсан даанч цаг гарахгүй байна, шинэ хэл сурчих юмсан даанч ажил ихтэй эсвэл дасгал хийх юмсан даанч чадахгүй байна гэж үргэлж хойшлуулдаг өөрийгөө хөгжүүлэх зүйлсээ энэ цагт л амжуулах хэрэгтэй. Бусад хүмүүс унтаж байхад та өөртөө цаг гаргаж сууна. Гайхалтай биш гэж үү
Та дээрх аргуудыг ашиглаж дадал болгоод үзээрэй. Танд гарцаагүй гайхалтай дэвшил гарах болно