
Монголын бизнесийн ертөнц, ялангуяа жижиг дунд бизнес (ЖДБ)-ийн орчинд нийтлэг ажиглагддаг нэг хандлага бол: “Манайх ердөө 5-6 хүнтэй. Ийм жижиг багт хүний нөөцийн бодлого, төлөвлөлт хэрэггүй” гэсэн ойлголт. Анх сонсоход бодит мэт боловч үнэн хэрэгтээ энэ бол бизнесийн өсөлтийг хязгаарлагч, бүтээмжийг бууруулагч, хамт олны тогтворгүй байдлыг үүсгэгч гол шалтгаануудын нэг юм.
Сүүлийн жилүүдэд олон байгууллагын дотоод үйл ажиллагаанд оролцож, цөөн гишүүнтэй хамт олны онцлог, сул болон давуу талуудыг судалж байхад нэг зүйл тод ажиглагддаг. Тэр нь хүний нөөцийн бодлого, төлөвлөлтгүйгээр ажиллаж буй багууд өдөр тутмын ажилдаа тодорхойгүй байдал, ойлгомжгүй хариуцлага, дутмаг харилцаа, урамгүй орчныг үүсгэж, энэ нь эцэстээ ажлын үр дүн, хамт олны уур амьсгал, бүтээмжийг мэдэгдэхүйц муутгаж байдаг юм. Тэгээд нэг мэдэхэд л ажилтнууд байнга солигддог, удирдлага бүхнийг өөрөө шийддэг, хариуцлага тодорхойгүй, хамт олон “хэн нь юунд хариуцлага хүлээдэг вэ” гэдгээ мэддэггүй орчин бий болсон байдаг.
Ийм байдалд орохоос өмнө илрэх анхны шинжүүд ихэнхдээ мэдэгдэлгүй эхэлдэг. Тухайлбал, зарим багт ажилтнуудын үүрэг хариуцлага тодорхой бус, бүхий л шийдвэрийг удирдлага дангаараа гаргадаг, хэн хэрхэн ажиллаж байгааг үнэлэх аргагүй, урамшуулал гэж нэрлэх зүйл огт байдаггүй, сургалт хөгжлийн талаар ярих ч сөхөө байдаггүй байдал түгээмэл. Эдгээр жижиг мэт санагдах зүйлс цаг хугацааны явцад хуримтлагдсаар, багийн уур амьсгал хүйтэн, хамт олон дотроо итгэлцэлгүй, хүн бүр өөрийн ажлыг хийгээд л тардаг, тогтворгүй, сэтгэлгүй орчин руу аажмаар шилжиж эхэлдэг.
Нөгөө талаас, манай оронд хийсэн судалгаанууд ч энэ үзэгдлийг баталдаг. Хүний нөөцийн бодлогогүй байгууллагад ажилтны тогтворгүй байдал өндөр, гүйцэтгэлийн хариуцлага сул, ажлын уур амьсгал таагүй байдаг талаар олон баримт бий. Түүнчлэн цөөн хүнтэй байгууллага ч гэсэн ил тод харилцаатай, тодорхой бүтэцтэй, уян хатан удирдлагын арга барилтай байвал илүү өсөлттэй, тогтвортой байдгийг олон жишээ харуулж байна.
Үнэндээ хүний нөөцийн удирдлага гэдэг бол зүгээр нэг бичиг цаасны ажил бус, байгууллагын дотоод “мэдрэхүй” юм. Хариуцлага, хамтын ажиллагаа, ойлголцол, итгэлцэл, урам зориг… энэ бүхнийг бүтээдэг үндэс нь хүний нөөцийн зөв хандлагаас эхэлдэг.
Бидний зөвлөх үйлчилгээ үзүүлсэн байгууллагуудаас нэгэн энгийн түүх хуваалцъя. Үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг, 17-хон ажилтантай цомхон хамт олон байсан. Энэ байгууллага 10 жилийн хугацаанд хэрэглэгчдэдээ танигдаж, үйл ажиллагаагаа тогтвортой явуулж ирсэн ч хүний нөөцийн хувьд бараг ямар ч бодлого, зохион байгуулалтгүй байв.
Ажилтнууд нь байнга солигддог, шинэ хүн ирэх бүрт дахин дахин зааж сургах хэрэгтэй болдог, бүх шийдвэрийг удирдлага ганцаараа гаргадаг, ажилтнуудын хөгжлийн талаар яриа ч үгүй, хэн сайн ажиллаж байгааг үнэлэх, урамшуулах ямар ч арга механизм байгаагүй. Өөрөөр хэлбэл, байгууллага дотоод зохион байгуулалтын хувьд “дампуурсан” гэхээс өөрөөр хэлэх аргагүй байдалтай байсан.
Тэгвэл жилийн дотор байдлыг бүрэн эргүүлж чадсан гайхалтай гэж болохуйц үр дүнд хүрсэн юм. Хүний нөөцийн суурь зарчмуудыг энгийн байдлаар хэрэгжүүлж эхэлсэн. Үүрэг хариуцлагаа бичгээр тодорхой болгож, гүйцэтгэлийг нь долоо хоног тутамд хөнгөн байдлаар үнэлж, сайн ажилласан хүнийг нэрлэж талархдаг болсон. Бас урамшууллын маш энгийн систем бий болгожээ.
Гурван сарын дараа бүтээмж нь 28 хувиар өссөн. Хамгийн сонирхолтой нь — зургаан сарын дараа анх удаа хэн ч ажлаас гарах байдал бүрэн зогссон. Энгийн хэдхэн өөрчлөлт хэр их нөлөө үзүүлж чаддагийг энэ жишээнээс харж болно.
Тэд юу хийсэн бэ? Зүгээр л хэн, юу хийх вэ гэдгийг ойлгомжтой болгосон. Харилцаагаа ил тод, ойлголцолтой болгосон. Ажилтнуудаа хөгжүүлэх орчныг энгийн байдлаар бүрдүүлсэн. Санал санаачилгыг нь дэмжсэн. Тэгээд хамтдаа стратегийн талаар ярьдаг болсон.
Хамгийн гол нь — тэд системтэй, зорилготой ажиллах дадлынхаа эхний алхмаа зоригтой хийсэн. Үр дүн нь ч удаан хүлээлгээгүй.
Эхний үр дүнгүүд ажиглагдаж эхэлмэгц лавшруулаад дараах алхмуудыг хэрэгжүүлсэн. Тэд бүтэцтэй болсон – хэн, юу хийх нь тодорхой. Харилцаа нь ойлгомжтой болсон – удирдлага болон ажилтнуудын хооронд ойлголцол үүссэн. Хөгжлийн орчин бий болсон – баг дотроо долоо хоног бүр 2 цагийн сургалтын цаг гаргасан. Уян хатан байдал нэмэгдсэн – ажилтнууд санал гаргаж, шийдвэрт оролцдог болсон. Бас стратеги төлөвлөлтөө хамтдаа ярьдаг болсон.
Эдгээр өөрчлөлтүүд энгийн мэт боловч тухайн багийн уур амьсгал, хамт олны итгэлцэл, ажлын үр дүнд гүнзгий нөлөө үзүүлсэн. Тиймээс бидний зүгээс зөвлөж хэлэх нэг зүйл бол: амжилтад хүрч буй жижиг байгууллагуудын ард нарийн төлөвлөгөө, тодорхой бүтэц, дотоод соёл, хүний нөөцийн энгийн боловч ухаалаг зохион байгуулалт байнга байдаг.
Гэхдээ энэ бүхнийг шийдэхийн тулд том систем, зузаан баримт бичиг шаардагддаггүй. Харин байгууллагынхаа нөхцөлд тохируулсан, энгийн бөгөөд хэрэгжихүйц зарчмуудыг өдөр тутмын ажилдаа суулгаж эхлэхэд л хангалттай.
Жишээлбэл, үүрэг хариуцлагыг хамтдаа тодорхойлох, долоо хоногийн ажлын зорилтуудыг багтаа хуваалцах, сайн ажилласан хүнийг нэрлэж талархах, ажлын өдөр тутмын богино сургалтуудыг зохион байгуулах, баяр тэмдэглэж, хамтдаа амжилт тэмдэглэх гэх мэт. Эдгээр нь зардал багатай хэр нь байгууллагын соёлд хамгийн их нөлөө үзүүлдэг.
Яг одоо байгууллагадаа нэг зүйлээс эхэл. Хариуцлагыг тодорхой болгох уу? Урамшууллын бүтэц үүсгэх үү? Эсвэл долоо хоног бүрийн сургалтыг эхлүүлэх үү? Аль нь ч бай эхний алхам нь дараагийн шат руу хүргэх түлхүүр болно.
Тэгээд та нэг л мэдэхэд жижиг хэрнээ хүчирхэг, дотроосоо урамтай хамт олон, итгэлцэлтэй орчин, тогтвортой өсөлтийн замд орсон байх болно.